Sunday, May 12, 2013

Алиа Содов

      Эрт нэгэн цагт Алиа Содов гэж айхтар бэлэн цэцэн үгтэй хүн хүнийг чадсан цэцэн мэргэн дэндсэн хүн байжээ.


"Чөтгөрийн бага нь адтай" 


Нэг удаа чөтгөрийг чадахаар үүр цүүрийн цагаар том, бага 2 чөтгөрийн замыг тосоод даваан дээр амандаа өөх зуугаад, дах нөмөрч, бөгсөндөө ногоо хавчуулан, мод бариад үхсэн мэт болон хэвтэж байжээ.
Том бага 2 чөтгөр Алиа Содовыг үхсэн байгааг олж хараад:
Эвий муу Алиа Содов үхчихэж гээд том чөтгөр баярлаад өнгөрөөд явжээ.
Бага чөтгөр нь эргэж тойрж үзээд ихэд сониучархан:


- Өлсөж үхсэн гэхээр өөх зуусан
  Хөлдөж үхсэн гэхээр дах нөмөрсөн
  Өвөл үхсэн гэхээр ногоо ургасан
  Нохой барьсан гэхээр мод барьсан  хэмээн гайхаж гайхаж эргэлзэж тээнэгэлзсээр яваад өгчээ.

Үүнээс хойш "Чөтгөрийн бага нь адтай" гэгдэх болжээ.


"Ширээт ламыг чадсан нь"


- Нэгэн удаа сохор Ширээт лам Алиа Содовыг ирж бараалх гэж хэлүүлжээ.
Ширээт лам Алиа Содовыг чадахын тулд гэрийнхээ босгондоо ус асгаад мөс хөлдөөсөн байж гэнэ.
Алиа Содов ширээт ламын гэрт орж ирээд хальтрахын даваан дээр хананаас барьж
- Ширээ буур бөхөндөө шавьдаг
  Ширээтийн гэгээн босгондоо нь шавьдаг юм санж гэжээ...


Хана дагасаар босго өнгөртөл адилхан 3 сохор лам сууж байж гэнэ.


Алиа Содов ширээт ламыг танихгүй тул


-Олон сохрын дундаас, онцгой сохор таны амрыг айлтгаяа гэтэл ширээт лам өөрийн мэдэлгүй толгой дохиж танигджээ.


Алиа Содовыг суудалд суутал, ширээт ламын шавь нь юун дээр ч тавьж тогтохооргүй ёроол нь гозгор аяганд  цай хийн өгч, шилэн ширээ өмнө тавьж өгөхтэй зэрэгцүүлэн ширээт лам хөөрөгөө өгчээ.
Алиа Содов бушуухан өвөрөөсөө эрхээ гарган ширээн дээр дугуйлан ороож тавиад аягатай цайгаа голд нь хийж тогтоогоод
Ширээт ламтай хөөрөглөжээ. Ингээл олондоо алдартай ширээт лам Алиа Содовыг чадах гээд өөрөө чадуулжээ.


"Дааганаас болж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг"


       Алиа Содов хөгшрөөд хөл нь доголон, айл айлаар бууж мордож аяга тагш нэрмэл эргүүлж, аанай л хүн хүнийг чадаад эхнэр хүүхэд цаашлуулаад явж байгаад нэг айлын авгай өрөөсөн ханцуйгаа хойноо бүсэндээ хавчуулаад үнээгээ сааж байхад нь тааржээ.


Айлын авгайгаас өрөөсөн хаагаа чирсэн нэг хар гүү харав уу? гэтэл
Айлын авгай харсангүй Содов гуай харин
-айлын айлын үхрийн зэл хэсэж үхэр үхэрийн хошного үнэрлэсэн доголон хөгшин хар бух явж байхыг л харлаа гэж өөрийг айхтар сүрхий чаджээ
Энэ өдрөөс хойш Алиа Содов айлын авгайд чадуулсандаа болоод сэтгэл санаагаар унаж, гэрээсээ гарахгүй байсаар насан эцэс болсон юм гэдэг.


Дааганаас болж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг гэсэн яриа ингэж гарсан юм санжээ.

No comments:

Post a Comment