Saturday, December 28, 2013

Монголчуудын оюун санааны дүр төрх

(Товч түүхэн тойм хийгээд 1990-2013 он)

2013 оны арванхоёрдугаар сарын 09-нд Ардчилсан нам ба УТБА-иас хамтран  зохион байгуулсан “Ардчиллын төлөв байдал, чиг  хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал дээр Философийн ухааны доктор Б.Батчулууны тавьсан илтгэл.
 
Удиртгалд
Надад энэ сэдвээр өгүүлэл, нийтлэл бичих, ямар нэг хэмжээгээр бодож эргэцүүлэх шалтаг, шалтгаан болсон зүйл бол улстөрчид болоод тэдний гаргаж буй аяг ааш, зан төлөв, төрх байдал болно. Гээд би энд хоёр зүйлийг шулуухан хэлэх ёстой. Нэгд, сэдэв маш сонирхолтой. Энэ сэдвийг социологи, психологи, улс төр судлалын үүднээс авч үзэхээсээ илүүтэй нийгэм-улс төрийн философийн өнцгөөс харж судалбал бүр ч сонин юм шиг санагдсан. Хоёрт, ийм сонирхол татахуйц сэдэв атлаа яагаад ч юм харьцангуй бага судлагдсан учраас ашиглачих ном зохиол бараг үгүй. Тэр тусмаа ардчилал үүссэнээс хойших монголчуудын оюун санаанд хийсэн анализ, дүн шинжилгээ бараг үгүй.

Надад олдсоноор энэ сэдвийг сонирхож буй хүнд хэрэг болох философийн суурь бүтээлийн тоонд Герман-Америкийн философич Э.Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Оросын дүрвэгч, философич Н.А.Бердяевын евро-ази сэтгэлгээний тухай “Евро-Азийхан; Евро-Азичуудын утопи стэйтизм” өгүүллүүд орно. Энд миний олж уншаагүй олон сайн зохиол бий нь мэдээж.

Энэ хоёр сэтгэгчийн гаргаж байсан санаа болон өөрийн ажиглалт дээр тулгуурлан авч үзвэл монголчуудын менталитет (одоохондоо, энэ ойлголтыг өгүүлбэрийн контекстээс хамааруулан “сэтгэлгээ”, “зан төлөв” гэсэн үгээр илэрхийлээд явж байя)

  • Патерналист шинжтэй. Нэр хүндтэй хүнийг дагах, ямар ч тохиолдолд тэр ч бүү хэл, өөрийн зөв байсан ч насаар ахмад хүнийг эс сөргөх, түүх уламжлал, зан заншлаа яс мөрдөх гэсэн зан төрх монголчууд төдийгүй хятад, солонгос, япон, энэтхэг гээд ерөнхийдөө Дорнын ард түмэнд шингэмэл байдаг.
  • Төрд хандах фетишист сэтгэлгээ. Товчхондоо энэ нь “Төрийн минь сүлд өршөө!” гэсэн залбирлаар илэрдэг. Европчууд залбирал мөргөл үйлдэж, аврал эрэхдээ ихэвчлэн Бурханд ханддаг, харин төр, эзэн ноёндоо найдвар тавих нь бараг үгүй. Монголчуудын ийм психологитой болсон нь Чингисийн үед төр хэт хүчирхэг болсонтой холбоотой болов уу. Жирийн хүн өөрийгөө төрийн аварга том машины өмнө юу ч биш, өчүүхэн эрэг шураг төдий зүйл мэт үзэж заншчихсан байдаг. Энд, төр бараг бүхнийг гүйцэлдүүлж чадах ер бусын хүч. Мөн Бердяевын хэлснээр “төр нь хүн бүрийн айж сүрдэн, улмаар хүндэтгэлээ илэрхийлж байх ёстой хараахан төгсжөөгүй ариун сүм” гэсэн үг.
  • Мистик шинжтэй. Энэ нь бөө мөргөл, тэр тусмаа буддизм хэт дэлгэрсэнтэй холбоотой. Байгаль, нийгмийн бүх юм үзэгдэл, тэрчлэн, өөрийн хувийн амьдралтай холбоотой аливаа зүйлийг далдад шүтэхүйтэй холбон ойлгох явдал гаарснаар рациональ сэтгэлгээнд бага ач холбогдол өгдөг болсон. Ийм үзэгдэл Европт ч байсан. Дундад зууны үед шашин бүхий л Европыг бүхэлд нь галдсаны дараа Шинэчлэл (Реформаци), Сэргэн мандалт (Рэнэсанс), Хүмүүнлэгийн (Гуманизм) хэмээх хүчирхэг хөдөлгөөн гарч, мистицизмийг нийгмийн амьдралаас шахаж чадсан юм. Харин манайд ийм хөдөлгөөн байгаагүй.
  • Мистик шинжтэй холбоотойгоор бэлгэдлийн сэтгэхүй их давамгайлдаг. “Дээшээ харсан савыг ав, доошоо харсан сав муу”, “өдөр унасан мах авдаггүй”, “цай буцалж байхад орж ирлээ сайн, хэрээ гуаглалаа муу ёр”, “орой хумсаа бүү ав” гэх шиг. Ийм символик сэтгэхүйн атрибут нь үндсэндээ а-сциентизм байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгэм, хүний юмс-үзэгдэлд хандахдаа детерминант буюу шалтгаант холбоогоор сэтгэдэггүй буюу шинжлэх ухаанч сэтгэлгээгээр ханддаггүй зуршил.

Одоо, ийм хийсвэрдүү маягийн ойлголтуудаа орхиж, арай тодорхой, түүхэн жишээ баримтаар ярилцъя.
Түүхэн уламжлал

Ер нь, бид түүхийнхээ турш рациональ сэтгэлгээнд зохих ёсны ач холбогдол өгөлгүй явж ирсэн юм шиг санагддаг. Мэдээж, байгаль, цаг агаар, мал аж ахуйтай холбоотой эмпирик мэдлэгийн хуримтлал бий. Өвсний толгой ингэж шарлалаа, өвөл цас их унах нь, шувуу тэгж дуугарч байна, бороо хур ихтэй зун болох нь гэх зэрэг. Энэ нь үнэн байдаг. Гэхдээ л эмпирик үзэгдлүүд дээр тулгуурласан дүгнэлтүүд.

Герман, англи, америк, грек хэн нэгэн хүнийг оюун санааны өвөө уудал гэх аваас тэд ХТӨ V зууны үеэс эхлээд ХТӨ 370-аад онуудад бичигдсэн Үнэн, Математикийн тухай, Төрийн тухай, Бурхдын тухай, Маргах урлаг, Ахуйн тухай (Протагор) Бүгд Найрамдах Улс, Фаедо, Софист (Платон), Физик, Метафизик, Ёс зүй, Улс төр зэрэг (Аристотель) бүтээлүүдийн тухай дурсдаг.

Харин, бид оюун санааны өвөө нээх шаардлага гарвал нөгөөх л Нууц товчоо-гоо дурддаг. Гэтэл энэ зохиол маань дээрх бүтээлүүдээс 1000-гаад жилийн хойно бичигдсэн атлаа ихэвчлэн үлгэр домог, түүх, уран зохиолын хольц болсон бүтээл аж. Өнөө хэр, бид Нууц товчоо-г шинжлэх ухаан, танин мэдэхүйн эх сурвалж болохыг нь баталсан, нэг ч диссертаци олж хараагүй л байна. Ганцхан Ш.Гаадамба гуай л утга зохиолын эх сурвалж болох талаас нь баталсан диссертаци бичсэн. Гэтэл түүх, улс төр, эдийн засаг ярих бүрдээ энэ зохиолоос иш татдаг. Түүх, улс төр, эдийн засгийн эх сурвалж гэдгийг нотолсон нэг ч диссертаци гараагүй байхад бид батлагдаагүй эх сурвалжийг ашиглаад байна гэсэн үг. Энэ зохиолыг хэн бичсэн, яагаад ийм нэртэй болсныг логиктой, үнэмшмээр гипотез дэвшүүлж буй нэг ч хүн алга. Гэтэл энэ зохиолын нэрийн талаар ХБНГУ-ын Берлинийн номын сангийн ажилтан, нэгэн герман хүний тун үнэмшилтэй тайлбар хэлж байхыг сонссон. Гэхдээ тэр нь сэдэвт хамааралгүй учраас энэ хэр орхизноё.

Чингисийн байлдан дагууллын үед, эзэлсэн орныхоо оюун санааны үзэгдэлд хэрхэн хандаж байсныг бид бараг, бүгд дуулсан. Байлдан дагуулсан улс орныхоо ард иргэдийн шашин шүтлэгийг огт хөнддөггүй байсан гэж. Үүнийг манай түүхчид ихэвчлэн, монголчууд хүлцэн тэвчихүйн үзэлтэй байсан, олон ургальч үзлийг дээдэлдэг байсан мэтээр тайлбарлах нь сонстдог. Энэ тайлбар тийм үндэслэлтэй сонстдоггүй. Бид оюун санааг материаллаг зүйлийн уг сурвалж, хүч болдог гэдгийг ухамсарладаггүй байсан учраас эзэлсэн орнуудынхаа хүн ардын шашин шүтлэгийг огт хөнддөггүй байсан болов уу. Түүнээс биш, тэдгээр орны материаллаг баялаг, алт мөнгө, тариа будаа, ялангуяа зэвсэг техникийг хуу хамдаг байсан бидэнд шашин шүтлэг огт ач холбогдолгүй байх учиргүй. Тэр улс-орны ард түмэн Христ, Аллахаа шүтлээ гэхэд өөрсдөд нь хор хөнөөл болчихгүй мэт санагддаг байсан болов уу. Харин зэвсэг, техник, эд баялаг бол өөр хэрэг, эдгээр нь бодит аюул мөн.

Энэ үед монголчуудын оюун санааг бөө мөргөл, тэнгэр шүтээнтэй холбон тодорхойлж байв (христ шүтлэгтэй байсан гэгддэг найманчуудыг эс тооцвол). Үүний онцлог нь нөгөө анимизм, тотемизмын нэгэн адил байгалийн шашин. Энд орон зай, цаг хугацаанаас чанагуух Бурхны тухай ойлголт байхгүй. Байгалийн үзэгдлийг шүтээнчлэн, түүндээ амь оруулж, оюун ухаанжуулна. Эртний Гректэй харьцуулах юм бол Гомерын бурхадтай адил мифологижсон, хийсвэр болон монотеист шинжгүй, байгалийн аймшигт сүр хүчит үзэгдэлтэй адил. Ийм учраас бидэнд Бурхны ахуйн талаар Ансэльм, Фомагийн мундаг логиктой аргумент байсангүй.

Дараа нь буддизм хэмээх монотеист шашин Төвдөөс орж ирэв. Ингэснээр нөгөө дайнч, догшин ширүүн ард түмэн ёстой л хонь шиг номхорч, бие дээгүүрээ гүйж яваа бөөсөө хүртэл алж чадахаа больсон. Энд гипотез гэхээсээ илүү цэвэр таамаг маягтай зүйлийг хэлэхэд, бие даан шийдвэр гаргахаас зугтаж (зайлсхийж) “бүхнээс хүчтэй, ухаалаг, сайхан сэтгэлтэй” гэж бодсон зүйлээрээ (Бурхнаар гэсэн үг) шийдвэр гаргуулчхаад явж байх нь амар байдаг энэ психологи, буддизм тархахад их нөлөөлсөн байх магадлалтай. Хүн ам нийтээр бичиг үсэг үл мэддэг байсан тэр үед олон нийтийн оюун санааг бүрдүүлэх үндсэн хэрэгсэл нь аман яриа байв. Үүн дээр рациональ бус, мистик сэтгэлгээ нэмэгдэхээр нийгэм дэх цуурхлын үүргийг ихэсгэнэ. Цуурхлын тухай энэ сэдэв ихээхэн сонирхолтой хэдий ч манай сэдэвтэй шууд холбогдохгүй тул эл сэдвийг сонирхсон хүмүүст зориулж, Нийгэм дэх хаос төлөв байдал хэмээх өгүүллийг минь илтгэлийн төгсгөлд бичсэн товьёогоос олж, харж болохыг л хэлье.

Марксизм-ленинизм буюу коммунист үзэл суртлын эрин үе

1920-иод оны дунд үеэс Монголын нийгмийн оюун санааг хуваарьгүй эзэмдэж эхэлсэн үзэл суртал бол марксизм-ленинизм юм. 1960-70-80 он гэхэд өвөө, эмээгийнхээ нэрийг мэдэхгүй өссөн хүүхдүүд Маркс, Ленинийг нэрээр нь дуудан, бараг социализм, коммунизм гэж хэлд орж байлаа.

Сонин, радио, телевиз гээд хэвлэл-мэдээллийн бүх хэрэгсэл, нам, эвлэлийн дугуйлан, өглөө, оройны сонин уншлага, лекц яриа, жагсаал цуглаан, албан тасалгаандаа ярьсан бүгд нь марксизм-ленинизм, социализм, коммунизм, энхрий хайрт МАХН-ын (арай л эр, эм хоёр ор хөнжилдөө энэ сэдвээр ярьдаггүй байсан байх) тухай байдаг байв. Марксизм-ленинизмийг Монголд дэлгэрүүлэхийн тулд Дундад зууны үед Европт христийн шашныг дэлгэрүүлэх гэж сүм хийд (инквизаци), 1930-аад онд Германд нацизмыг дэлгэрүүлэхээр Геббельсийн үзэл суртлын машин ( болон гестапо) хэрхэн ажиллаж байснаас огтхон ч дутахгүйгээр ажиллаж эхэлсэн. Марксизм бүх юмыг мэддэг байсан даа, хувь хүний хүрээ уруу хэтэрхий орж, гэр бүлийн асуудлыг ч марксизмаар зохицуулдаг байв. Ёстой л “өмдөө яаж товчлох, байцайгаа хэрхэн дарахаа” (Ф.Бастиа) хүртэл марксизмаас асуудаг болсон. 

Энэ бол ард түмнийг нэг маягаар гипнозидсон хэрэг байлаа. Гипнозидолтод орж, мансуурч, ховсдуулсан хувь хүн болон ард түмэн өөрсдийн эрхэмлэх ёстой бүхнийг таягдан хаяж, хуралдахын дон тусдаг (Жорж Оувэллийн хэлсэн “үзэн ядалтын цуглааны” өвчтэй болдог). Мөн, энхрий хайрт намынхаа их хуралд сууж, алгаа хорстол алга ташин, коммунист удирдагчдынхаа зураг, хөргийг томоос томоор зурж, шүтээнчилнэ. Энэхүү гипнозидолт өөр, өөр байдгийг Фромм хэлсэн. Унгар, Чех, Герман, Польш зэрэг оронд “эхийн буюу аргадах маягийн ховсдолт” давамгайлж байсан бол манайх болон Орос, Хятад, Хойд Солонгост “эцгийн буюу захирах гипнозидолтоор” хүмүүсийг ховсдож байв. Удирдан-чиглүүлэгч нам-төрийн гар, пролетарийн диктатур хэчнээн чанга, нуруун дээр нь буух ташуур хэчнээн хүчтэй байна, тэр хэрээр олон түмэн “эзэн уруугаа” тэмүүлнэ. Айхавтар хүчтэй ховсдуулсан байдаг учраас өөр юуг ч эргэцүүлэх сөгөөгүй болно. Энэ утгаараа монголчууд социализм-коммунизмд маш хүчтэй итгэсэн. Дашрамд хэлэхэд, 90-ээд оны ардчиллын дараа манайд шинэ оюун санаа гарч ирэхдээ фрейдо-марксизм, экзистенцилаист-марксизм гээд нео-марксист хэлбэртэй байна даа хэмээн бодогдохоор байсан. Гэтэл тэгээгүй, би андуурсан байна лээ. Үүний шалтгаан одоо нэгэнт ил болж. Ерөөсөө Франц, Итали, Герман зэрэг оронд хүчтэй уламжлалтай нео-марксизмын тухай манай онолчид мэддэггүй байсан юм билээ. Тэгэхээр манайд байсан марксизм бол жинхэнэ ортодокс марксизм, манай үзэл сурталчид жинхэнэ фанатикууд байсан хэрэг.

Оюун санааны ийм нөхцөл байдлын тухай ярих үед дурдагдах ёстой нэгэн сэдэв бол анти-коммунист уламжлалын асуудал. Тэр үед бидэнтэй адил социализм коммунизм байгуулж байсан Герман, Унгар, Польш, Чех, Словак, Латви, Литва, Эстони, Румын нь үнэндээ улс төрийн шал өөр соёл, уламжлалтай улс-орнууд байв. Бидэнд, коммунистуудтай амь хайргүй тэмцэлдэж байсан өвөг дээдэс алга (1932 оны бослого хөдөлгөөнийг юу гэмээр юм бэ дээ), оюун санааны өөрөөр сэтгэгч, анти-коммунист нууц утга зохиол огт байсангүй (Р.Чойномыг эс тооцвол), ядахад л Баруунд гарсан хамаатан садан, анд нөхөд ч байгаагүй (Дилав хутагтын цор ганц тохиолдол бий). Польшийн Лэх Валэнса, Зөвлөлт Оросын Сахаров, Солженицын, Чехийн Хавэл, плахачуудын тухай сонсоогүй бөгөөд “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Европ” хэмээх коммунизмын нүүр царайг илчилсэн радио нэвтрүүлэг байдаг тухай огт мэддэггүй байв.

Марксизм-ленинизм ийм хүчтэй ноёрхож байсан нийгэмд 20-иодхон жилийн дараа уг үзэл суртал оргүй алга болно гэж байхгүй. Марксизм-ленинизм нийгмийн сэтгэхүйгээс оргүй арилсан хэмээх дүгнэлт бол хуумгай дүгнэлт. Миний үеийн (ер нь, 20-иод оны дунд үеэс 90-ээд он хүртэлх) сэхээтнүүдийн нэлээд ул үндэстэй судалж үзсэн ганц үзэл онол нь марксизм-ленинизм юм. Одоо ч, тэр үед боловсорсон сэхээтний ертөнцийг үзэх үзэл, нийгэм-улс төрийн феномэнд хандах хандлагаас марксист методологи нэвт харагддаг. Ардчиллыг зөв зүйтэй гэж нэгэн дуугаар магтан буй тэр хүмүүс үйл хэргээрээ хуучнаа санагалзан буйгаа байнга харуулна. Тухайлбал, 2-3 жилийн өмнө тоталитари дэглэмийн хамгийн том удирдагч байсан Ю.Цэдэнбалын мэндэлсэн ойг бараг үндэсний хэмжээнд тэмдэглэв. Нийгмийн нэлээд боловсролтой хүмүүсийг бэлтгэдэг хэмээн тооцогддог улсын гол университет болох МУИС-ийн байрны өмнө Монголын түүхэнд байсан хамгийн цуст дарангуйлагчийг тахичхаад байна. Энэ бүхэнд гайхширах, дургүйцэх, эмзэглэх психологи нийгэмд байдаггүй нь дээр өгүүлснийг нотолдог.

Гэхдээ марксизм-ленинизм үеэ өнгөрөөсөн үү гэвэл яах аргагүй, үеэ өнгөрөөсөн. Коммунизмын хий үзэгдэл Монголоор тэнүүчлэхээ зогссон. Энд “оргүй алга болох”, “үеэ өнгөрөөх” гэсэн хоёр ойлголт ялгаатай гэдгийг хэлэх юун. 

Тэгвэл, одоо ямар оюун санаа Монголд ноёрхож байна вэ?

Ардчиллын дараах буюу 1990-ээд оноос хойших оюун санаа

Энэ сэдвийг улстөрчдийн ба олон түмний оюун санааны дүр төрх хэмээн салган авч үзэх нь зохистой. Үүнээс гадна ардчиллыг шүүмжлэх бололцооны тухай болон либертари үзлийг жирийн иргэний (би жирийн иргэн гэсэн нэр томьёог улстөрч гэдгийн эсрэг утгаар хэрэглэдэг) үзэл болох талаас нь илүү тодорхой тайлбарлахыг хичээе. 

Олон түмний оюун санааны төрх байдал


Ингээд, нийгмийн бүх хүрээг хамарч байсан оюун санаа нураад уначхаар юу болсон бэ гэвэл марксизмаас өмнө ямар оюун санаа байсан түүн уруугаа хандсан. Ө.х. оюун санааны өв уруугаа очив. Энэ бол нөгөөх буддизм, бөө мөргөл, далдыг харагчдын эрин үе эхэллээ гэсэн үг. Мистицизм нийгмийн оюун санаанд тун баяр хөөртэй буцаж ирсэн юм. Одоо, олон түмний оюун санаа үндсэндээ мистицизмээр тодорхойлогдож байна. Үс зүсээ засуулах, ажил хэрэг эхлэх, хүнтэй уулзах, хөдөө гадаа явахдаа өдөр судар харж, гүрэм ном хийлгэдэггүй хүн алга. Үнэн худлыг мэдэхгүй юм, манай парламентчидын дотор нэг бус бөө-парламентач байдаг гэж дуулдсан. Дэлхий сөнөнө гэхэд итгэдэггүй хүн бараг алга. Төдөн оны, төдөн сарын, төдөнд дэлхий дээр маш том солир унах юм гэнэ лээ гэвэл хотоос чамгүй олон хүн хөдөө уруу зугтаж, томоохон улстөрчид нь томилолтоор явах шалтаг олчих жишээтэй. Дэлхий сөнөчихвөл ганцаараа амь гарах гэж буй нь тэр.

Одоо, хоёр хүүтэй айл бүрийн нэг хүү нь лам болсон байх бөгөөд хүүгүй бол охидоос удган төрүүлдэг болж. Нийгэм бүхэлдээ ийнхүү шашинжиж, мухар сүсэгт автагдсан тохиолдолд төр теократи шинжтэй болдог байна. Энд би теократи гэхдээ зөвхөн буддизмийг биш, христ, бөө мөргөл, муни зүни гээд мэдлэг (knowledge) дээр тулгуурладаггүй, сүсэг (beleif) дээр тулгуурладаг бүх феноменыг багтааж байна.

Ийм нийгэмд өөрийн гэсэн “оддын баг” бүрддэг. Энэ багийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч байдаг элдэв мэргэн түргэн хүмүүс, далдыг харагч, зөн билэгч, бөө удган, түүх, ёс заншлаар дагнан мэргэшсэн гүн ухаантнууд бүрдүүлдэг байна. Эдгээр од Монголыг байтугай, дэлхийг аврах төлөвлөгөөг хэд, хэдэн хувилбараар боловсруулчхаад хармаалаад явж байдаг. Элдэв доктор, профессор, академич, улстөрч, яруу найрагч, 15-20 хэл мэддэг суутан, Чингисийн хамаатан садан, дэлхийд хосгүй нээлт хийгч эдгээр нь массын оюун санааг бүрдүүлэхэд маш их нөлөөтэй.

Энэ оддыг университет болон академийн түвшинд догиодог хүмүүс бол монгол хэл, Монголын түүх, ер нь Монгол судлалынхан. Мөн, иймэрхүү сонин бодгалиуд нийгмийн оюун санааны орон зайг эзэмдэхэд чамгүй тус хүргэж буй хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн бөгөөд эдгээр од яах аргагүй тэдний төрүүлж, бойжуулсан хүүхдүүд юм. Энэ хүмүүст ихээхэн ач холбогдол өгснөөрөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, сурвалжлагчид ч өөрсдийн нүүр царайг бас харуулж байна гэсэн үг. Дашрамд хэлэхэд, нийгмийн оюун санааг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг хэвлэл-мэдээллийнхний тухай нэлээд зүйл өгүүлмээр байвч цаг хугацаа, зай завсраас шалтгаалан “Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн 2008.IV.21-27-д болон мөн энэ үед  www.news.mn вэбсайт дээр гарсан “Бууны нохой” юу, “хоточ нохой” юу?! өгүүллээ дурдаад орхизноё.          

Сонгуулиар нийгмийн оюун санааны төрх тод харагддаг нь. Ер нь, сонгууль гэж юу юм бэ гэсэн “ойлгомжтой” асуудлыг дахин нухацтай авч үзье! Либертари үзэл дараах зүйлийг хэлж байна. Сонгууль бол төрийг босгох үйл ажиллагаа, өөрийнхөө төлөө саналаа өгөхийг танаас гуйж буй хүн бол танаас ажил гуйж буй хүн. Та сонгуульд оролцож, тэр хүнийг ажилд авсан бол цалинжуулах ёстой. Энд, яг тэр хүний төлөө саналаа өгсөн үү, үгүй юү гэдэг огт хамаагүй. Нэгэнт сонгуульд оролцсон бол ялсан нэр дэвшигчид “дуугүй зөвшөөрлөө” (tacit consent-оо) өгчихжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн таны хүссэнээр гарсан ч, эс хүссэнээр гарсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн хэрэг. Одоо, тэр хүнээ цалинжуулахаас өөр аргагүй. Түүний цалин мөнгийг төдийгүй гэр бүлийнх нь эмчилгээний зардал, даатгал, байр орон сууц, харуул хамгаалалт, машин болон утасны тооцоо, гадаад томилолт нэртэй аялал-жуулчлал, элдэв төрлийн хүлээн авалт, найр наадмынх нь зардлыг бас даана. Гэхдээ, та энэ мөнгийг хармаанаасаа шууд гаргадаггүй учраас тэр хүнийг цалинжуулж байгаагаа мэддэггүй. Мөн ашиг, нэмүү өртөг, орлого, үл хөдлөх хөрөнгө, машины гэх мэт татвар төлснөөрөө төрд гаргасан хүнийхээ тансаг хэрэглээний зардлыг дааж эхэлдэг.

Өөрийнх нь амьдрал төрөөс хамааралтай, төр сайхан бол бид сайхан амьдарна хэмээн боддог хүмүүс л сонгуулийн байр уруу явахдаа сүмд очиж байгаа сүсэгтний психологитой байдаг. Сүмд очиж, хувь заяагаа бурханд даатгачхаад хэсэг зуур сэргэдэг шиг тэр нэг хүний төлөө саналаа өгчхөөр амьдрал нь дээшилчих юм шиг бодно. Хүмүүс ингэж, өөрийгөө хуурахыг хүсэж байдаг. Харин үнэнийг хэлсэн хүн бол сайхан зүүднээс нь сэрээж, урмыг нь хугалдаг тул дайсагналцахад бэлэн байдаг.

Сонгууль нь сонгуульд оролцогчдын горьдох сэтгэлийг маш тод харуулна. Ямар психологиор сонгуульд оролцож буйг нь харуулдаг гэсэн үг л дээ. Европчууд болоод америкчуудын тал хувь нь яагаад сонгуульд оролцдоггүй юм бэ? Улстөрчдөөс горьдоод байдаггүйн шинж нь энэ. Тэд сонгуулиас нэг их юм хүлээгээд байдаггүй. Гэтэл, бид төрд сайн сайхан хүмүүс гарвал амьдрал маань дээшилнэ гэж горьдоод байгаа юм. Либертари үзлээр, энэ нь маш том эндүүрэл. Бид өөрсдөдөө л итгэх ёстой, улстөрчид хэчнээн сайн сайхан ярина, төдий чинээ худал. Хүн ер нь, өөртөө итгэж байгаад алдахад хор хөнөөл нь нийгмийн үр дагавар агуулдаггүй. Харин улстөрчдийн худлаа ярьж, гаргасан алдаа, олон түмний нуруун дээр бөөн дарамт болж буудаг. Миний алдаа надад л хор хохирол учруулна, өөр хэнд ч биш. Бид өөрөөсөө болсон алдаанд гоморхоод байдаггүй. Харин хэн нэг улстөрчөөс болж, миний амьдрал доройтох нь үнэхээр гомдолтой.

Дараагийн бүлэг горьдогсод. Телевиз, радио, сонин сэтгүүл, вэбсайтууд гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрт ажиллагсад. Тал засаж баахан худал, үнэн юм бичнэ. Эсрэг талынхныгаа гүтгэнэ, доромжилно. Бас л горьдоод тэр: аль нэг газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, арга ядахад, хэдэн төгрөг салгахыг горьдох психологи.

Сонгуулийн компанийн идэвхтэнүүд. Сонгуулийн компанийн үеэр нам даган давхигч, улаан, ногоон, цэнхэр туг болон намирагсдын нэлээд нь сүүлд бас нэг хурган даргын албан тушаалд очихыг горьдогсод байдаг. Тэр үед тэдний сэтгэл санаа дээд зэргээр хөдөлж, өөрийгөө хянах чадвараа алдан  хүн биш, намын лоозун болчихсон байх жишээтэй. Намынх нь эсрэг юм ярьсан хүнийг яахаас ч буцахгүй. Тухайн үед гэртээ байж, үр хүүхдийнхээ хичээлд туслан, гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийж байгаа иргэн бол тэдний хувьд жинхэнэ бэртэгчин нэгэнд тооцогдоно.

Бизнесмэнүүд гэж бөөн горьдогсод байна. Аль нэг нам, улс төрийн хүчинд тал засаж, баахан мөнгө хаясан хүмүүс. Тэгээд нөгөөдөхөө гарахаар төрийн протекционизмд (ивээлд) орж авахыг горьдоно. Мөнгө хаясан хүмүүс болон улс төрийн хүчнээр дамжуулж, хамгийн ашигтай тэндэр болон төслийг олж авахыг горьдогсод. Зарим авхаалжтай бизнесмэнүүд өөр, өөр нам, хөдөлгөөн, нэр дэвшигчид зэрэг мөнгө хаяж горьдлого тээнэ.

Хамгийн том горьдогсод. Мэдээж, УИХ-ын гишүүн болохыг горьдогсод. Тэд, Монголд байдаг хамгийн их цалин хангамжтай атлаа огт юм хийдэггүй, дээр нь хариуцлага гэдэг юмнаас ангид байдаг байгууллагад орж аваад зүгээр сууж байхыг горьддог. Ард түмний мөнгөөр гадаад дотоодод аялан, хийсэн юмгүй сууж, эсвэл яг хийх ёстой ажил-хууль санаачилж, батлуулсны төлөө хэдэн арван саяар нь хармаалж суухыг горьдогсод. Мөн өөр бас бус юм ч горилно. Далдуур, албан тушаалын наймаа хийж, хээл хахууль авахыг мөрөөднө. Эдний дунд буй хамгийн олиггүй горилогсод бол улс төрөөр далимдуулан, сэжиглэгдэж буй гэмт хэргээсээ мултрахыг санаархагчид юм.

Сонгууль гэдэг бол санал хураах үйл явц. Сонгуульт ардчиллын нөхцөлд  либертари үзэлтэн К.Мэнкэнийн хэлснээр, “хоёр чоно нэг хонийг өглөөний хоолондоо идэх шийдвэр гаргах” нь тодорхой. Энэ бол ардчилалд Платон, Милль хоёрын хамгийн их дургүйцэж байсан утга. Санал хураалт гэдэг бол мэдлэг, авьяас чадвар, үнэн, хувь хүний эрх ашиг гэдгийг огт харгалздаггүй, цэвэр харанхуй массын психологи дээр тоглож байдаг үзэгдэл. Хэн ч, ямар ч сэдлээр санал өгч болдог, бараг зүс царайны  сайхнаар сонгуульд ялах боломжтой. Асар их бодож, эргэцүүлсэн хийгээд юу ч бодоогүй хоёр хүний саналын жин яг адил гардаг. Ардчилал нь ердөө л массын психологийг илэрхийлнэ. Фройд, Лебон нарын хэлснээр, массын психологи сэтгэл хөдлөл давамгайлсан, тогтворгүй, сэтгэмж багатай байдаг бол хувь хүний психологи ихээхэн рациональ, бат тогтвортой, шүүмжлэлт хандлагатай байдаг аж.


Улстөрчдийн оюун санааны төрх байдал

Одоо улстөрчдийн оюун санааны талаар авч үзье. Үнэндээ, 1990 оны ардчилсан үйл явцаар жинхэнэ үзэл бодлын ялгарал явагдсан юм. Гэхдээ ямар үзэл бодлын ялгарал байсан бэ? Тэр үед коммунист, социал-демократ, либерал, консерватив гэх мэтээр ялгараагүй. Харин коммунист ба коммунист бус гэсэн ялгарал явагджээ. Бүгд л ямар нэг хэмжээгээр марксизмын халдвар авсан байсан бөгөөд эмчлэгдэх хэсэг нь коммунист бус үзлийг баримталсан юм. Санаж байна, ардчилсан хүчнийхэн 1990 оны I сарын тэсгим хүйтэн өдөр тэр үеийн хамгийн том жагсаал цуглааны нэгийг хийхдээ Лениний таалал төгссөн өдөр таарсан тул түүний дурсгалыг хүндэтгэж, малгай аван, толгой гудайлган зогсож байсан. Тухайн үед өөрсдийгөө социал-демократ, либерал, консерватив, үндэсний үзэлтэй хэмээн зарлан тунхаглаж, гарч ирж байсан намууд эдгээр үзлийн талаар олигтой мэдлэгтэй байгаагүй юм. Зүгээр л найз нөхөд, танил талын хувьд нэгдсэн хүмүүс нам болж байжээ.

Үнэндээ, энэ байдал одоо ч гэсэн байсаар. Ерөөс үзэл баримтлалгүй. Ер нь Монголын улстөрчид аль нэг үзэл, онолыг баримталдаггүй. Улс төрд орж буй хүмүүс аль намд орвол ашигтай, ямар улс төрийн хүчнээс албан тушаал олдох найдвартай, аль фракци, хэн гэдэг нөлөөтэй хүнийг дагавал дэмжлэг их олдох бол гэсэн бодол санаанд хөтлөгддөг. Нэг намаас сална, нөгөө намд элсэнэ, энэ тэр гэдэг бол цагаан сараар айл хэсдэгтэй нь адил зүйл. Өчигдөр нэг намд байснаа өнөөдөр тэс ондоо намд очоод наалдчихна. Өөр нам байгуулах, тэгснээ түүнийгээ орхих, фракци байгуулах энэ тэр бол жинхэнэ волюнтарист сэдлээр хэрэгжинэ. Ямар ч намд харьяалалгүй байснаа өнөөдөр нэг намд элсээд, тэр намаасаа шууд УИХ-ийн гишүүн болох зэрэг хөгийн үзэгдэл хавтгай. Зарим “их ухаантай айл гэр, гэр бүлүүд” хүүхдүүдээ нам, намд байршуулна. Ер нь монгол хүний хувьд үзэл бодол, зарчим нэг их тоож үзээд байхаар зүйл биш гэсэн уламжлал  одоо ч хэвээр байна. 

АН-ын дарга Н.Алтанхуягийн нэгэнтээ “Би энэ, тэр изм-үүдийг мэддэггүй” гэснийг зарим хүмүүст хаяглаж, егөөдсөн утгаар хэлсэн байх гэж бодож байсан. Гэтэл үнэнээ хэлсэн нь тэр юм билээ. Энэ нь амьдрал дээр харагдсан, одоо ч харагдсаар байна. АН-ынхан С.Баярын ЗГ-т ороод жинхэнэ зүүний буюу халамжийн, ёстой гайхширмаар социалист бодлого явуулсан. Тэр үед тавьсан МАНАН-гийн велфаризм одоо ч уршгаа тарьсаар байна. Орчин үеийн улс төрийн философи болон үзэл баримтлалын талаар асуухад “А” ч үгүй хүн АН-ын томоохон зүтгэлтэн, дээгүүр албан тушаал эрхэлж буй хүмүүс дотор олон байна. Ер нь танил тал дээр тулгуурлах, мөнгөөр “зодож” байгаад орон зайтай болдог үзэгдэл АН-д их газар авсан. Энд улс төрийн үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс бараг алга.

Капитализмын үндсийн үндэс болсон үзэл бол индивидуализм буюу хувь хүнийг дээдлэх үзэл бөгөөд энэ нь АН-д огт байхгүй нь саявтар Амаржаргал гишүүн УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан үед тод харагдлаа. Хатуу чанд хайрцагласан, намын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьсан, коммунлаг үзлийг дээдэлдэг, гишүүддээ нийтийн эрх ашгийн үүднээс ханддаг, нийгмийн хариуцлага, сахилга бат ярьдаг большевик маягийн уур амьсгал давамгайлсан нам. Ийм намд орсон хүн “өөрөө, өөрийгөө мэдэх эрхгүй” болно.

АН-д оюун санаа байна уу? Энэ нам либерал нам мөн үү? Миний харж байгаагаар, АН-ынхан бол коммунизмын нөхцөлд либерал ардчилагчид, пост-коммунизын нөхцөлд ардчилагчид, харин ардчиллын нөхцөлд бол софт-стэйтистүүд. Төрийг улайн цайм биш аядуухан хамгаалдаг учраас либертари утга зохиолд тэднийг софт-стэйтистүүд хэмээн цоллодог. Тэд бол төрийг аль болох эвтэйхэн харагдуулахыг хичээгсэд. Хааяа либертари үг хэл ашиглан, төрийг шүүмжилчихдэг болохоор тэднийг шударга хүмүүс гэж гэнэн иргэд бодох нь бий. Товчхондоо, АН нам үзэл санааны хувьд үнэхээр хоосон толгой болж. Тэд хаа нэг бусдын үйрүүлсэн талхны үртсээр л хооллож байна. 

Дашрамд хэлэхэд, оршин буй хугацаандаа бодлогын хувьд зүүн чиглэлээ алдалгүй барьж, ирсэн нам бол өнөөгийн МАН. Эд социалист бодлогоо тууштай хэрэгжүүлдэггүй юм гэхэд байнга ярьсаар ирсэн. Энэ намынхан гадагшаа буюу ард нийт уруу хандахдаа ямагт зүүн чиглэлийн юм ярьдаг. Гэхдээ энэ намын том зүтгэлтнүүд дотоод сэтгэлдээ хувийн өмчинд нугасгүй дуртай бөгөөд хувийн амьдралдаа барууны үзлийг тууштай хэрэгжүүлдэг. Тийм ч учраас нэлээдгүй хууль бус тэрбумтныг дотроосоо төрүүлсэн. Инээдтэй хийгээд эмгэнэлтэй энэ үзэгдэл хувийн өмчийн үзэл санааг ил тод дэмжих болсон 1990-ээд оноос энэ намд гарсан парадокс юм. МАН зүүн төвийн үзэл, социал-демократ үзэл гэж сүүлийн үед их ярих болсон ч скандинавын социализм, франц маягийн зүүн үзэлд очтолоо нэлээд зайтай л болов уу. Энэ нам хэдийгээр зүүний нам ч гэсэн ардчилсан уламжлал, дадал заншилгүй нам юм.

Монголд үндэсний үзэл нацист бус маягаар дэлгэрч байна. Одоохондоо нацист бус байдлаар шүү дээ. Үндэсний үзэл, тэгээд социалист хандлагатай байх юм бол нацизм уруу халтирахад тун амархан байдаг. Глобальчлалын эсрэг, цаашилбал, монгол угсаатан бүх зүйлээрээ анхдагч, дэлхийн бусад үндэстэн биднээс ямар нэг байдлаар дор гэх мэтийг ярьсаар байвал хүссэн, хүсээгүй нацист хандлагатай болж л таарна. Ерөнхий логик нь нэг юм чинь. Гэхдээ яах вэ, ямар ч үзлийг манайхан мах цусандаа ортол эзэмшдэггүй, эзэмшсэн бол тууштай байж чаддаггүй гэсэн утгаараа аюул нь арай бага байж болох юм.

Ер нь ардчилсан үзэл гэж ямар үзлийг хэлэх юм бэ? Консерватизм, ардчилсан үзэл мөн үү? Либерализм, ардчилсан үзэл мөн үү? Социализм, ардчилсан үзэл мөн үү? Үндэсний үзэл, ардчилсан үзэл мөн үү? Бүгд л мөн шүү дээ. АНУ, Англи, Герман, Швед гээд ардчилсан орнуудад эдгээр үзэл бүгд зэрэгцэн оршсоор байна.

Дэлхийн тэргүүний хөгжилтэй орнуудад сүүлийн үед яригдаж буй онолуудаас либертари үзлээс бусад нь манайд орж ирэхгүй байна. Гэхдээ энэ үзэл улстөрчдөд халтайг мэдэрсэн намуудын улстөрчид ямар нэг байдлаар хялайн харж байна. Роулсын эгалитари либерализм, коммунитарианизм зэрэг улс төрийн философийн сураг ч алга. 

Энд би, улстөрчид болон намуудын оюун санааны зураглалыг гаргахдаа тэдний программ, хөтөлбөр энэ тэрийг нарийвчлан судалсангүй. Учир нь, тэдгээр нь зүгээр л цаас, сонгуульд зориулсан реклам. Тийм учраас манай намуудын үг хийгээд үйл хэрэг, ам хийгээд ажил хэрэг ямагт зөрдөг. Иймээс би вээр, либертари зарчмыг баримтлан, үйл хэргийг нь (намуудын бихевиог) ажигласны эцэст намуудын оюун санааны дүр төрхийг тодорхойлсон хэрэг. Тэгээд ч философийн хувьд эмпирик фактыг нэг их шүтээд байдаггүй, аналитик ухаан, рациональ оюун дүгнэлтийг чухалчилдаг билээ.

Эцэст нь хэлэхэд, консерватив үзэлтнүүд яг таны аав шиг юу зөв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нүүрийг чинь угааж, хувцсыг чинь өмсгөж ээж шиг чинь аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу зантай хойд аав, ээж л гэсэн үг. Тэгвэл, либертари үзэлтнүүд таныг өөрөө шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий нас биед хүрсэн хүн гэж үзэн, хүндэтгэлтэй харьцдаг. Тэгэхээр либертари зарчмаар амжилт ч таных, алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө хүртэнэ, буруу бол горыг нь өөрөө л амсана. Гэхдээ л амжилт, алдаа хоёрын аль, алин нь аугаа багш гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Ардчилалд хандах бидний догм сэтгэлгээ

Энд, ардчилалд шүүмжлэлтэй хандах миний хандлага ажиглагдсан буй заа. Энэ байр сууриа философийн үүднээс задлан тайлбарлая. Бид ардчиллыг шүүмжилж яагаад болдоггүй билээ? Марксизм-ленинизмийг шүүмжилж болдоггүй коммунист, үндэсний социализмыг шүүмжилж болдоггүй фашист нийгэмд амьдарч байгаа биш биз дээ! Тэр тусмаа, улс төрийн өнцгөөс биш, танин мэдэхүй, улс төрийн философийн үүднээс гарсан шүүмж яагаад байж болохгүй гэж! Үнэндээ, ямар нэг зүйлийг хамгаалахын тулд шүүмжлэх шаардлага гарцаагүй гардаг. Шүүмжлэл зөв байгаад түүний дагуу өөрчлөлтөд орвол тухайн зүйлийн амьдрах чадвар ихэснэ.

Тэгээд ч, Өрнөдийн нийгэмд ардчилал анх “сонгодог хэлбэрээрээ” (энэ үгээр эртний Грек-Ромын шууд ардчиллын утгыг илэрхийлж байна) үүсэж байсан тэр үеэс яг өнөөдрийг хүртэл ардчиллыг шүүмжилсээр ирсэн хүчтэй сэтгэгчид оршсоор ирсэн билээ.

Бид, манай нийгэмд оршин буй ардчилалд хааяа ч гэсэн ийм байр сууринаас хандмаар. Ардчиллыг хоосон шүтэж, түүний далбаан доор улс төрчид нь бузар булайгаа нуусаар ирсэн Африк, Латин Америк, Зүүн  өмнөд Азийн зарим орон шиг болмооргүй байна. Монгол нь ардчилсан уламжлал байхгүй, шашинлаг орноос шууд ортодокс маягийн зөвлөлтийн марксизмд ороод, тэр намгаас сугарч ядаж буй орны хувьд аливаа нэг үзэл онолыг хоосон шүтдэг зуршилтай болчихсон бөгөөд энэ утгаараа ардчиллыг ч бас сохроор тахиад байх шиг.

Гэхдээ ардчиллыг шүүмжилсэн бидний шүүмжлэл социалист юм уу консерватив бус, харин эрх чөлөөг дээдэлсэн либертари шүүмж байх ёстой. Ер нь ардчиллыг шүүмжилсэн либертари шүүмж бол ардчилалд дайсагнагч үй олон олиггүй шүүмжээс тэс өөр шүүмж гэдгийг хүмүүс ялгаж салгахгүй байна. Энэ бол ардчиллаас цааш явж, ардчиллыг ардчиллынхнаас гүнзгий ойлгосон хүмүүсийн шүүмжлэл. Энэ бол коммунлаг үзэлтнүүдэд бууж өгөөгүй индивидуалистуудын шүүмжлэл гэж ойлгох хэрэгтэй.

Одоо, арай оюунлаг түвшинд “ардчилал гоё, түүнээс бусад нь муухай” гэсэн улиг болсон юм ярих нь үнэхээр яршигтай болжээ. Хувь хүнийг олонхын дарангуйллаар дарамталдаг хэрэгсэл болох ардчиллыг капитализм хамгийн өндөр хөгжсөн, хувь хүний эрхийг дээдэлдэг орнуудад хүчтэй шүүмжлэн гарч ирж буй либертари онолын үүднээс бол ардчилал нь “нуруугаа авахуулсан морь”, “хүн төрөлхтний өчнөөн жил өмссөн ноорхой дээл” төдий болжээ. Ардчилал гэсэн энэ лоозунгоор 20-иод жил гоёсон АН-д уг ойлголтыг өмнөхөөсөө илүү өндөр түвшинд гүнзгий утгаар хэрэглэх болсныг анзаарах сөгөөтэй хүн алга. Нөгөө л хуучин арга барилаараа хамгийн ухамсаргүй хүмүүсийг хуурдаг үг төдий болгожээ. АН-ынхан бол үүх түүхээс нь ойртож хэлэлцэхийн аргагүй, цус нөж, зовлон шаналал үнэртсэн, хавчлага мөрдлөг тогтоож, хүнийг хүмүүнийх нь хувьд устгахыг эрмэлзэж байсан МАН-ынхнаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ л либертари шаардлагыг хангахгүй байна.

Одоо Монголд “долоон настай хүүхдээс эхлээд долоон буудлын Долгор эмгэнийг” хүртэл ардчилал ярьдаггүй хүн алга. Коммунистуудын үр сад бүр ч их ярьж байна. Тэгэхээр Монголын ардчилал өөрийнхөө сайхан нэрийн цаана эрх чөлөөний дайсан, хамгийн олиггүй юмнуудыг нуудаг халхавч болжээ. Ардчилал өөрийнхөө хүрээнд гарч ирсэн ямар ч удирдагчийн үйл ажиллагааг хууль ёсны болгодог. Гитлер мэтийн юмнууд ардчиллаар дамжин засгийн эрхэнд гарч байв. Ардчиллаар гарч ирсэн удирдагч өөртөө санал өгсөн хүнийг төдийгүй, санал өгөөгүй, өөр саналтай байсан, тэр ч бүү хэл, эсрэг саналтай байсан хүнийг хүртэл захирна. Тиймээс ардчилалд шинэ дээл хувцас, үзэл онол хэрэгтэй болжээ.

Либертари шүүмжлэлээр ардчилал гэдэг бол олонхын дарангуйлал. Ардчилал нь эрх чөлөөтэй харшилдаг. Ардчиллын нөхцөлд 100 хүнээс 51 нь ялсан бол үлдсэн 49-ийнхөө эрх чөлөөг юу ч биш болгодог учраас олонхын дарангуйлал гэхээс өөрөөр хэлэх аргагүй. Ардчилал 99%-ийн эрх ашгаар түрээ барьж ,асуудлыг шийддэг бол эрх чөлөө, үлдсэн 1%-ийн эрх ашгийг харгалзахыг шаарддаг. Ардчилал асуудлыг хүчээр шийдвэрлэж байна. Ардчилал ноёрхож байх үед ялалт байгуулахын тулд ухаалаг үндэслэл гарган, логиктой сэтгэж, оюун ухааныг дээдлээд байх шаардлагагүй, зөвхөн тооны хувьд олонх болж аваад, санал хураахад л болно. Эрх чөлөөнд дайсагнагч ийм хамтын санаа бодол, нийтийн хүсэл зориг бол руссоч-марксч үзэл санаа мөн. Эндээс л коммунизм хийгээд фашизм өөрийгөө зөвтгөх онолын үндсийг олж авдаг. Ардчилал хувь хүний эрхийг үл тоомсорлож байна. Гэтэл хүний эрх гэдэг бол тооны олон, цөөнөөс үл хамаарах констант зүйл билээ. Олонхоороо шийдэж байна гээд (санал хурааж байгаад) нэг хүнийхээ юмыг үлдсэн 9 нь авчхаж болдог юм биш. Хүний эрх гэдэг ТӨРӨЛХ зүйл, хүнд угаасаа байсан зүйлийг ардчилагчид, өгөөмөр сэтгэлтэн, ухаантнуудын хэн нь ч өгч болдоггүй аж.

“Ардчилал гэдэг бол ард түмэн өөрсдийн төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байсан бол одоо Ричард Нийдхэмийн хэлснээр “ардчилал гэдэг нь төрийн  төлөө, төрийн бий болгосон зүйлийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байдаг ард түмний засаг” болжээ.

Товч бөгөөд шулуухан хэлчхэд, ардчилалд дараах 4 дутагдал лав байна: Нэгд, Чанараас илүү тоонд ач холбогдол өгдөг; Хоёрт, Цөөнхийн ухаалаг санал хаягддаг; Гуравт, Санал бүрийг жигнэх боломжгүй; Дөрөвт, Үл мэдэгчид засаглах боломжтой.

Заримдаа бид, ер нь  ардчилсан, гэхдээ эрх чөлөөгүй, улмаар тэгш эрхгүй нийгмийг байгуулах гээд байгаа юм биш байгаа гэсэн сэтгэгдэл төрөхөөр байх юм. Ардчилсан нийгэм гэдэг чинь ардчилал гэж хашгирсан, дөвчигнөсөн, АН-д орсон хүн сайхан амьдардаг нийгэм болж байна уу?! Тийм биш, ардчилсан нийгэм гэж улс төр ярьдаггүй, аль нэг намын туг намирдаггүй малчин, барилгачин, гуталчин, эмч, багш гээд мэргэжилдээ сайн хэн ч, сайн-сайхан амьдарч болдог нийгмийг хэлдэг гэж би ойлгодог.

Ардчилал, эрх чөлөө гэж хоосон бархирагчид инээдтэй харагддаг. Эд бол нэг муу карьерист. Зүгээр л софт-стэйтистүүд. Сайн төр, сайхан төрийг бид л байгуулж чадна гэж мөрөөдөгчид. Либертари үзэлтнүүдийн хувьд төрийг, төрийнх нь хувьд шүүмжилнэ, түүнээс биш энэ намын төрийг шүүмжилнэ, нөгөө намын төрийг шүүмжлэхгүй гэсэн юм байхгүй. Төр бол хэнийг ч оюун санаа-ёс суртахууны хувьд эвдэж, хаядаг аймшигт механизм. Тэнд очсон ямар ч хүн цусанд улам бүр амтших вампир лугаа бусдын хөлс хүчээр амьдрах хүсэл,таашаалдаа улам бүр автдаг.

Ардчилал гэдэг бол коллективист үзэгдэл. Мэдээж, коммунизм шиг тоталитари үзэгдлээс хамаагүй дээр л дээ, гэхдээ жинхэнэ эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд ардчилал нь “олонхын дарангуйлал”, “хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл” (К.Менкен). Айн Рэнд Магтуу (Anthem) зохиолдоо үзүүлснээр хамгийн үл бүтэх юмнууд “ардчилал”, “тэгш эрх” гэсэн уриа лоозун хашхичиж байна. Энэ хийрхэл дунд хувь хүний эрх байнга зөрчигдсөөр байдаг.

Өнөөгийн манай ардчилагчид, ялангуяа залуу ардчилагчид сэтгэлгээ, хандлага, үзэл суртлын хувьд яг л 1970-80-аад онд амьдарч байсан коммунистуудыг санагдуулна. Хаана л бол хаана ялсан намын фанатууд. Капитализм дахь “улаан хамгаалагчид”. Бидний үеийнхэн мэднэ дээ, 70-80-аад онд МАХН-ын гишүүд гэж нэг иймэрхүү намчирхсан, хийрхүү, улс төрөөр далайлгасан, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй дөвчин юмнууд байсныг. Бид ийм “дөвчин зайрангуудыг” өртөө газраас таньдаг болчихсон хүмүүс. Заримдаа ардчилсан хүчний эгнээнд буй эрүүл саруул сэтгэдэг, өөрийн бодолтой хүмүүс эдгээр, ардчиллыг хамгаалагчдаас хүртэл айдаг байх гэж бодогдохоор.

Нийгмийн формаль дүр төрх нь капитализмыг өнгөц хуулбарласан, нэг их муухай ёсорхуу, ажил хэрэгч биш, албан үүргээ танил талаар хэрэгжүүлдэг, жирийн иргэдэд хууль дүрэм ярьж, гох дэгээ тавьдаг хүнд сурталт феодализм, социализм, капитализмын хольц лугаа харагдаж байна. Манайх ямар ч “иргэний соёл” байхгүй нийгмийн оронцог болжээ. Энэ нийгэмд одоо, дутуу боловсорсон ардчилагчид (эд, маш олон тоотой), эрэмдэг зэрэмдэг либералууд (эд, харьцангуй цөөн), дундад зууны үндэсний үзэлтэн (сүүлийн үед тооны хувьд эрчимтэй өсөж байна), коммунист угшилтай социалистуудаас (уг нь олонх байсан, цаг хугацаа өнгөрөх тусам цөөрсөөр байна) өөр хүн алга.

Яагаад либертари үзлийг гэж!

Тэгэхээр ямар үзэл санаа нийгэмд ноёрхоосой гэж хүсэж явдгаа товч өгүүлсү. Аль нэг нам, улс төрийн хүч, улстөрчийг биш, харин жирийн иргэн, хувь хүний эрх ашгийг тууштай хамгаалж, дээдэлдэг, нүднээс далд ч гэсэн муу зүйл хийхээс татгалздаг, өөр үзэл, онолд хүлцэн тэвчихүйн үүднээс ханддаг тийм үзэл нийгэмд давамгаалаасай гэж хүсдэг. Тийм үзэл гэж либертари үзлийг хэлж байна.
Либертари үзэл нь “хүн өөрөө, өөрийгөө мэдэх” зарчим дээр тулгуурласан эрх чөлөөний философи мөн. Өөрийгөө мэднэ гэдэг бол та өөрийн амьдралыг эзэмшинэ, тантай холбоотой асуудлаар танаас өөр хэнбугай ч илүү эрхтэй байж болохгүй гэсэн үг. Өөрийгөө мэднэ гэдэг нь та бусдын амьдралыг мэдэх ёсгүй гэсэн үг (Та маш их хөрөнгөтэй, төрийн хамгийн өндөр албан тушаал хашдаг, царай зүс сайхантай, цагаан цамц, зангиа зүүсэн хэн ч байж болно, гэхдээ гудамжинд байгаа бусдын амьдралыг эзэмших эрхгүй).

Таны эдэлж буй ЭРХ бол одоогийн төрийн түшмэл, хуулийн ажилтан, “ордны профессоруудын” ятгаж, ойлгуулах гээд байдаг шиг төр-хуулиас өгөөмөр сайхан сэтгэл гарган, бидэнд өгсөн бэлэг биш. Эрх чөлөөтэй байх, өмчтэй байх, амьдрах эрх гэдэг бол хүн анхнаасаа л мах, цусанд төрдөг шиг өөртэй нь хамт энэ ертөнцөд ирсэн бурхны хишиг юм. Танд анхнаасаа байсан тэр зүйлийг хэн ч өгч чадахгүй. Тиймээс төрөлх эрхийг зарим нь (Б.Рассэль) “аксиом” гэсэн байдаг бол зарим нь (АНУ-ыг үндэслэгчид) “асуух шаардлагагүй үнэн” гэсэн байдаг юм.

Либертари үзлийн амин сүнс бол индивидуализмын (хувь хүнийг дээдлэх) философи мөн. Хувь хүн төрийн өмнө дагжин, чичирч зогсох ёсгүй, түүнийг бурханчлан шүтэх ч албагүй. Харин төр илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээгээр орших ёстой. Хувь хүнийг хамт олонтой нэг эгнээнд алхаж, нэг дуу дуулахыг албадаж болохгүй. Таван хүний эрх нэг хүний эрхийг зөрчиж болно гэсэн юм байдаггүй. Эрх бол эрх. Хамт олонч байдлаар хувь хүний эрхийг дарамтлах явдал коммунизм, фашизмын дүр төрх ажгуу. Төр, хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээнд оршино. Төрийн эцсийн бөгөөд дээд зорилго - хувь хүний эрх чөлөө байх ёстой. Хувь хүн бол хэрэгсэл биш зорилго. Төр, хувь хүнийг элдэв төрлийн хүчирхийллээс хамгаалах төдийгүй өөрөө түүнийг зөрчих ямар нэг илрэл гаргаж болохгүй. Төрөөс хувь хүний эрхийг хязгаарлаж, үл хүндэтгэсэн өчүүхэн төдий ч элемент агуулсан хууль тогтоомж батлах ёсгүй. Энэ утгаар нь минимум төрийн тухай ярих болно.

Либертари үзэлтнүүд хувь хүнд хариуцлага ногдуулсан төртэй байхыг хүсэж байна.  “Буянлаг төр” (эсвэл “халамжийн төр” ч гэдэг юм уу) гэх мэт нэг хэсгийг нь дээрэмдэж, нөгөө хэсэгт өгдөг төрийн үйл ажиллагааг буруушаана.  “Үнэгүй хоол гэж байдаггүй”. Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг хэн нэгэн хийсэн байдаг гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыгаа мөлжихөөс татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн. Хэрэв төр: би чамд яаж туслах вэ? хэмээн асуух аваас либертари үзэлтэй иргэн: надад туслахгүй байх явдал хамгийн том тус болно гэж хариулах болно.

Нэг нь нийтийн төлөө биш, нийт нь нэгийн төлөө бас биш. Харин өөрөө, өөрийнхөө төлөө гэдэг бол хамгийн зөв лоозун. Философи-этикийн нэр томьёогоор бол рациональ эгоизмыг зөв зарчим баримталдаг гэж либертари үзэл үздэг.

Соён гэгээрсний үндсэн шинж бол хувь хүний бие даасан байдал юм. Дахин хэлэхэд, мэдлэггүй харанхуй хүн ямагт бусдын үгээр явдаг. Олонхыг дагадаг, сүргээсээ салж чаддаггүй явдал бол соён гэгээрээгүйн үндсэн шинж. Улс төрийн нам гэсэн сүрэглэл үүнийг сануулна. Энэ сүрэглэл хамт олонч сэтгэхүй дээр гарч ирдэг. Нам дагасан “улаан, цэнхэр, ногоон тугнууд” бол хувь хүмүүс биш. Коллективистууд. Тэд бие даан, ганцаар байхаас ямагт айна. Нам гэдэг бүлэглэл хүмүүсийг хийсэн хэргээс нь мултлах механизм болж байна. Одоо, өөрийгөө хамгийн ухаантай, зоригтой гэж боддог хүмүүс хүртэл намаас гарах, намын дэмжлэггүй болохоос айж байна. Бүгд хамт олонч байдалд дасан зохицсон байдаг тул тун арга ядахад “нам дотроо нам” (фракци, жигүүр) байгуулдаг. Нам гэж ийм олиггүй шинж чанартай байгууллага болохыг ойлгосон учраас Томас Жэффэрсон намыг “хуйвалдагсдын үүр” гэсэн юм.

Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие, биенээ  хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөс нь өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн хүн болсны үүрэг мөн. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдын тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг. Төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Гэхдээ, хүний эрхийг зөрчигч үзэл санаа, үйл ажиллагааг (хулгай, дээрэм, залилан мэхлэлт гэх мэт эрүүгийн гэмт хэрэг) хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд эдгээр сөрөг үзэгдэлтэй эрс тэмцэл явуулах хэрэгтэй. Учир нь эрүүгийн аливаа үйлдэл хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа байдаг.

Энд олон либертари үндэслэл орхигдлоо. Бүгдийг бичиж, тайлбарлах аргагүй байв. Юу ч гэлээ, ийм үзэл санаа нийгэмд зонхилоосой гэж хүсдэгээ товч боловч дурдсан маань энэ бөлөг өө.

Сэдэвтэй холбоотой зарим материал:

  • Н.А.Бердяев, Евро-азийнхан [Евразийцы]; Евро-азичуудын утопи стэйтизм [Утопический этатизм евразийцев] орос хэл дээрх өгүүллүүд (Н.А.Бердяев хаягаар Википедия уруу ороод, харж болно. Мөн цаасаар хэвлэгдсэн Н.А.Бердяевын олон эмхэтгэлд буй)
  • Э.Фромм, Эрх чөлөөнөөс дайжихуй, (Хоёр дахь удаагийн монгол хэвлэл. Орчуулсан Л.Пүрэвдагва) Цоморлог төвийн хэвлэх үйлдвэр, УБ, 2010 он
  • Айн Рэнд, Магтуу, Нэпко паблишинг, УБ, 2011 он
  • Б.Батчулуун, Эцэг эхийн гипнози, “Үг” сонин, 1994 оны XI – 1995 оны II сар
  • Б.Батчулуун, Нийгэм дэх хаос төлөв байдал, “Улаанбаатар” сонин, 1995. XII.2
  • Б.Батчулуун, Сэтгэлгээ, “Өдрийн сонин”, 2005.I.08, мөн www.news.mn вэбсайт
  • Б.Батчулуун, Либертари тунхаг, “Өнөөдөр” сонин, 2006.Х.11, мөн www.news.mn вэбсайт  
  • Б.Батчулуун, Ноорхой дээл шиг болсон ардчилал (Ардчилал бол эрх чөлөөний дайсан), “Ардын эрх”сонин, 2007.I.08, мөн www.news.mn вэбсайт
  • Б.Батчулуун, Таны мөнгөөр танаас илүү амьдрах арга, “Ардын эрх” сонин, 2008.I.24, мөн www.news.mn вэбсайт
  • Б.Батчулуун, “Хоточ нохой” юу, аль эсвэл “бууны нохой” юу?! (Чөлөөт нэртэй хараат хэвлэл мэдээллийн тухайд), “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, 2008.IV.21–27, мөн энэ үеийн www.news.mn вэбсайт
  • Б.Батчулуун, Ойлгохуйг ойлгох нь, “Өдрийн сонин”, 2010.X.2, мөн энэ үеийн www.news.mn вэбсайт
Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

No comments:

Post a Comment